эмийн үйлдвэрийн технологи |
2017-04-07 - эмийн зохистой хэрэглээ
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг. Эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтдаг. Эм хэрэглэгч энгийн хүний хувьд ямар эмийг, ямар хэмжээгээр, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх хийгээд хоол ундны дэглэмийг хэрхэн зохицуулахыг зөв шийдэх боломжгүй тул эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, түүний дагуу хэрэглэх нь зүйтэй. Эмийн зохистой хэрэглээ нь эмийг зөв сонгохоос эхэлдэг. Эмийг зөв сонгоход танд эмч, эмийн санч нар туслах болно.
Эмийг олгох байдлаар нь: Жоргүй олгох Жороор олгох Эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм гэж ялган үздэг. Жоргүй олгох эмийг эмийн санчаас зөвлөгөө авч хэрэглэж болно. Харин жороор олгох эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх шаардлагатай, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ.
Эмийг буруу хэрэглэвэл ямар сөрөг нөлөө гарах вэ? Ямар ч эмийг буруу хэрэглэвэл бие махбодид олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно. Тухайлбал: Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгох тохиолдолд өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй тул өвчин архагшиж, хүндэрч болно. Мөн эдийн засгийн хувьд үргүй зардал гарна. Эм хэрэглэх дэглэмийг баримтлахгүй өвчний зарим шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц эмээ хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг. Эмийг тохирсон тунгаар хэрэглэхгүй бол эмчилгээ үр дүнгүй болно. Хэт олон эмийг нэг дор хэрэглэвэл тэдгээрийн гаж нөлөө давхцан эмийн сөрөг нөлөө нэмэгдэнэ. Эмийг нэг дор хэт их хэмжээгээр, өдөрт хэт олон удаа эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох, эрхтэн системийг гэмтээх эрсдэл ихэснэ.